1925 оны дунд үеэс Хэнтий аймгийн Батноров уулын хошуу, Сүүл овоотын энгэрт 14 суралцагчтай танхимын сургууль байгуулагдсан ажээ. Мөнхөө занги гэдэг хүн багшилж, анхны суралцагчид нь: Тогоочийн Доёд, Нэмэхийн Сандагдорж, Уламбаярын Маналжав, Дамдины Намсрай, Ванчигийн Дугар, Сэрээтэрийн Алтангэрэл нарыг тэр үеийнхэн санан дурсаж байгаа бөгөөд дараах жилийн 20 гаруй хүүхдийн нэрс түүхийн төв архивт байдаг. 1938 оноос бичиг үсгийн түр сургуулиар бичиг үсэг, тоо бодлого зааж, бичиг үсэгт тайлж үнэмлэх олгодог байсан ба Омбын Балжинням гэдэг төгс бичгийн хүн энэ ажлыг эрхлэн, 200 гаруй хүнийг бичиг үсэгт сургажээ. 1940 оны 9 дүгээр сарын 1-нээс Ардын бага сургууль О.Балжинням захирал, Манибадар багштай, 2 бүлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй.1970 онд Ерөнхий боловсролын 8 жилийн сургууль болон өргөжиж, 1977 онд анхны төгсөлтийг АБТА Х.Нэргүй, Н.Бямбаа нар анги удирдан төгсгөсөн билээ. Аймгийн засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201 тоот захирамжаар 9-н жилийн дунд сургууль болсон юм. Бага, дунд боловсролын менежментийн зөвлөлөөс төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй сургуулиудын дунд зарладаг, Монгол улсын шилдэг менежменттэй ТОП-20 сургууль шалгаруулах шалгаруулалтанд тэнцэж, Монгол улсын 2010 оны “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”- аар өргөмжлөгдсөн. 2011 оны 12 дугаар сарын 6-нд Ардын засгийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дарьзавын Лосолын нэрэмжит сургууль болж, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2012 оны 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдэн, Батноров сумын Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль нь 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжсөн юм. Одоо тус сургуулийг захирал БТА Г.Цэцэгсүрэн, Сургалтын менежер “Тэргүүлэх” багш Г.Оюунсоёмбо, БТА Н.Наранцэцэг, Нийгмийн ажилтан Б.Анхзул нар удирдан ажиллаж байна. Манай сургуульд 28 бүлгийн 720 орчим хүүхэд суралцаж, 45 багш сурган хүмүүжүүлэгч, дотуур байр, захиргаа аж ахуйн 21, нийт 66 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 онд сургуулийн өргөтгөлд ашиглалтанд орж бага сургуулиа шинэ өргөтгөлдөө оруулснаар хүүхдийн сурах таатай орчин бий болоод байна
2022-09-19 14:58:03