Хэнтий аймгийн Батноров сум нь Ардын хувьсгалын дараахь Монгол улсын Засаг захиргааны шинэчлэн зохион байгуулалтаар Дайчин бэйлийн хошууг Сэргэлэн гүн, Сүжигт бэйсийн хошууны зарим хэсгийг хамруулж 1923 оны 10 дугаар Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор Батноров уулын хошуу, Одоогийн Батноров сум үүсэн байгуулагдсан. Тус сум нь нийт 496928.4 га газар нутагтай, Улаанбаатар хотоос зүүн тийш 435 км, Хэнтий аймгийн төв Чингис хотоос зүүн хойш зүгт 105 км-т оршдог. Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Баян-Адрага, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг зэрэг сумдтай хиллэдэг. Сумын нутаг дэвсгэр нь баруунаас зүүн тийш 74 км, урдаас хойш 118 км-т сунаж тогтсон. Нийт 496928.4 га газар нутагтай бөгөөд Монгол орны газар зүйн бүсчлэлээр тал хээрийн бүсэд оршдог. Засаг захиргааны нэгжийн хувьд сум нь Эрдэнэчандмань, Эхэнбүрд, Баян, Баянбулаг, Идэрмэг, Дундбүрд, Бэрх гэсэн 7 багтай. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв гэсэн төрийн 6 байгууллагатай. Хүн амын хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар 5841 хүн амтай үүнээс эрэгтэй 3002, эмэгтэй 2839, хүн амын дийлэнх 90 гаруй хувь нь халх үндэстэн бусад нь буриад, барга, баяд, дархад, дарьганга, дөрвөд, казак, торгууд урианхай зэрэг үндэстэнгүүд аж төрөн амьдардаг. Мал сүрэг нь 2021 оны жилийн эцсийн байдлаар 432757 толгой мал үүнээс Тэмээ 289, Адуу 34596, Үхэр 32548, Хонь 236198, Ямаа 129126 толгой мал тус тус тоолуулсан. Хувийн хэвшлийн 72 аж ахуй нэгж, иргэн арьс шир боловсруулах, хүнсний дэлгүүр, талх гурилан боовны цех, цагаан идээ боловсруулах, гар урлал, үсчин гоо сайхан зэрэг жижиг дунд үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Томоон уул уурхай Алтан гадас одонт Бэрхийн уурхай, Ямаатын уурхай, Хавтгайн уурхай, Чимэдийн уурхай, Баяжуулах үйлдвэр гэсэн байгалийн баялаг жонш үйлдвэрлэх, боловсруулах уурхай, үйлдвэрүүдтэй. Эдийн засгийн чадамжийн хувьд бэрхээс тусдаа төсөвтэй явдаг бөгөөд сумын нийт төсөв нь жилийн 3.2 тэрбум.төгрөг, үүнээс сумын өөрийн татварын орлого 0.2 хувийг нь бүрдүүлэн төвлөрүүлдэг.
2022-11-04 12:27:01